ТАЙВАНЬ ЖУУЛЧИД EZNIS AIRWAYS-ИЙН ОНГОЦООР МОНГОЛЫГ ЗОРИНО
By: Admin 2020/02/07

Тайваний аялал жуучлалын хамгийн том брэнд болох EverFun Travel Services Corp. болон Монголын анхны баджет нислэгийн компани EZNIS Airways нар хоёр талыг холбосон аялал жуулчлалыг идэвхижүүлэх чиглэлээр 3 жилийн турш хамтран ажиллах гэрээ байгууллаа. 

Компаниудыг төлөөлж гүйцэтгэх захирал Т.Тамир, Тайгар Янг нар гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолд талуудаас гадна Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн Тайпэй дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч ноён Л.Золзаяа, Жуулчин компанийн төлөөлөгчид оролцож, мөн морин хуурч, хөөмийч Н.Ашид язгуур урлагийн дээжээр түрлэг өргөлөө.
Хамтын ажиллагааны хүрээнд EverFun Travel нь EZNIS Airways-ийн Тайвань дах албан ёсны борлуулагч болох төдийгүй Монгол улс руу чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг тодорхой хугацаанд тогтмол нэмэгдүүлэн ажиллах болно гэдгийг онцоллоо. Дашрамд дурдахад EverFun Travel Corp. нь тээвэр зууч, иргэний агаарын тээвэр, аж үйлдвэрлэл, технологи, зочид буудал, зочлох үйлчилгээний салбартаа тэргүүлдэг Тайваний үндэстэн дамнасан EVERGREEN корпорацийн охин компани юм.