Монгол-Тайваний эдийн засгийн 18 дахь удаагийн хамтарсан уулзалт Тайбэй хотод боллоо.
By: Admin 2020/02/07

2019 оны 3 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд “Монгол-Тайваний эдийн засгийн 18 дахь удаагийн хамтарсан уулзалт” Тайбэй хотноо зохиогдлоо. Энэ удаагийн уулзалт газар тариалан, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, барилга байгууламж, хог хаягдлын дахин боловсруулалт гэсэн үндсэн сэдвүүдийн дор болж өнгөрсөн.

Уулзалтад Монголын талаас МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй хувийн хэвшлийн төлөөлөл 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр, Тайваний талаас аж ахуйн нэгжийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон ба МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн Л.Золзаяа, Тайваний Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монголын комиссын дарга Гуо Лин-Ү нар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Монгол-Тайваний нийт худалдааны эргэлт 2018 оны байдлаар 41 сая ам.доллартай тэнцэж байгаа нь хоёр талын эдийн засгийн нөөц бололцоотой харьцуулахад чамлалттай үзүүлэлт гэж онцлон тэмдэглэж энэ тоог нэмэгдүүлэхийн хамтарч ажиллахыг уриалсан болно.  

Хамтарсан уулзалтад хоёр талын оролцогчид Монгол, Тайваний худалдаа, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, салбаруудын хөгжлийн тухай танилцуулга илтгэл тавьсны зэрэгцээ B2B уулзалтаар цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов. 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Тайбэй хотод байх хугацаандаа Тайваний Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн сан, Тайваний Эксим банк, Олон улсын хамтын ажиллагаа хөгжлийн сан, Нанганы инкубатор төвд тус тус уулзалт хийсэн. 

Түүнчлэн, 3 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд Тайбэй хотод зохион байгуулагдсан “Ухаалаг хот уулзалт, экспо-2019” үзэсгэлэнг манай төлөөлөгчид үзэж сонирхон, салбар салбарын чиглэлийн дэвшилтэт технологийн тухай мэдээлэл авсан болно.