ТАЙБЭЙН ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ
By: Admin 2020/02/07

Тайваний Зам тээвэр, харилцаа холбооны яамны Аялал жуулчлалын товчоо, Тайваний Аялал жуулчлалын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг “Тайбэйн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн” (Taipei International Travel Fair 2019) 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 11-ний өдрүүдэд Тайбэй хотын Нанган үзэсгэлэнгийн танхимд 33 дахь жилдээ зохиогдов.Тус үзэсгэлэнд дэлхийн 60 орон, бүс нутгийн аялал жуулчлалын байгууллага, авиакомпани, зочид буудал, соёл амралтын газар, аялал жуулчлалын салбарын бизнeс эрхлэгчдийн 1700 павильон гарсан ба нийт 380000 хүн үзэж сонирхсон байна. 11 дүгээр сарын 08-ны өдөр үзэсгэлэнгийн нээлтэд Тайваний Ерөнхийлөгч Цай Инвэнь, Тайваний Зам тээвэр, харилцаа холбооны сайд Линь Жялун, Засгийн газрын гишүүн Жан Жинсэн нар болон Тайвань дахь гадаадын төлөөлөгчийн газруудын тэргүүн нар оролцсон болно. 

Монгол Улсаас Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Б.Баттулгаар ахлуулсан МИАТ, Жуулчин, Нью жуулчин, Лэтс Трэвэл, Монголиа Трэкин, Хотспот трэвэл зэрэг 6 компаний төлөөлөл үзэсгэлэнд оролцон эх орноо сурталчилж, аялал жуулчлалын хөтөлбөр, бүтээгдэхүүнүүдээ танилцуулав. Энэхүү арга хэмжээнд Монголын компаниудыг оролцуулах ажлын Монгол дахь зохион байгуулалтыг Аялал жуулчлалын хөгжлийн төв, Тайвань дахь ажлыг тус Төлөөлөгчийн газар хариуцан ажилласан болно. Мөн үзэсгэлэн яармагийн үеэр Монгол соёлоо сурталчлах зорилгоор олон нийтэд ардын дуу бүжиг, хөгжмийн болон үндэсний бөхийн үзүүлбэр хийж толилууллаа.  

Ирэх жилийн Тайбэйн аялал жуулчлалын үзэсгэлэн 2020 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 2-ны хооронд зохион байгуулагдана.