Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн, зөвийг гэрчлэх



Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална. Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатч гэрчилнэ.

Төрийн эрх бүхий байгууллагаас олгодог иргэний гэр бүлийн байдлын бүртгэл /төрсний, гэрлэсний, нас барсны гэх мэт/-ийн баримт бичигт зурсан гарын үсгийг гэрчлэхгүй.

Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн баримт бичиг, нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг нь тус тус зуруулна.

Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ түүний албан ёсны орчуулгыг үндэслэх бөгөөд тухайн орчуулгыг нотариатын баримт бичигт заавал хавсаргана.